Tuesday, March 24, 2015

Бисфенол А -д хэн хяналт тавьж байна?



Бисфенол А -д хэн хяналт тавьж байна?
Өнөөдөр дэлхийд ашиглагдаж байгаа 11 сая орчим нэр төрлийн химийн бодисоос 10 мянга гаруй нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө vзvvлж байгаа бөгөөд тэдгээрийн 150-200 нь хавдар vvсгэдэг болох нь тогтоогдсон байна. Тэдгээрийн дотор 2009 оны байдлаар 2,2 сая тонн Бисфенол А үйлдвэрлэгдэж багаа гэж байсан бол 2014 оны байдлаар 3,6 саян тонноос багагүйд хүрч түүний тал хувь нь манай урд хөрш БНХАУ-д үйлдвэрлэгддэг байна. Түүний химийн томьёо нь (CH3)2C(C6H4OH)2 бөгөөд BPA гэж товчилдог. Түүнийг анх 1891 он Оросын химич А.П.Дианин гаргаж авчээ. Дэлхий дээр түүний 16 төрлийн нэгдэл байдгаас хүний биед А, S нь хортой нөлөөтэйг хэдийнээ баталжээ. Тэдгээрээс А валент нь 1957 оноос хойш үйлдвэрлэлд нэвтэрч илүү их үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд илүү их хортойд тооцогддог. Поликарбонат резинүүдэд 71%, уян давирхайт нэгдлүүдэд 27%-д нь агуулагддаг. Бисфенол А агуулсан хуванцаруудыг кодын 07-О номероор тэмдэглэдэг. 


Бид ямар хэлбэрүүдээр түүнийг хэрэглэж байна вэ? Хуванцар тавилга, дэвсгэр, бага долгионт халаах зуух, агуулах сав, сүү, унд, усны лонх, савнууд, олон янзын лаазнууд, зарим уут, сав баглаа, электрон багаа, хүүхдийн зарим тоглоом, CD-DVD гэх мэт зэрэг олон материалуудад агуулагддаг. Эдгээрийг бид бүхэн өдөр бүрийн ахуй амьдралд хэрэглэж байна. Энгийнээр харахад зах, дэлгүүрээс бараа, хүнсээ цуглуулж авч явж байгаа жирийн нэг иргэн хичнээн хувцанцар эд материал зөөж авч яваа бол, тэднийг хаана, юунд хадгалдаг вэ? Хуванцар материалын эрэлт хэрэгцээ асар их байгаа нь хямд, олдоцтой байгаатай холбоотой. Худалдаа үйлчилгээний бүх газрууд хуванцар уутыг хэрэглэж, худалдан авалт тутамд үнэгүй уут өгдөгийг бид мэднэ. Түүхий махаа гялгар уутанд хийж байгаа явдал жирийн үзэгдэл мэт санагдав ч анхаарахгүй байх асуудал биш билээ. Одоогоор хэрэглэгдэж буй хуванцар материалуудын ихэнхи нь хүнсний зориулалттай биш. Хүнсний зориулаттай материалудын код нь таарч байгаа ч түүний чанарыг хэн шалгаж байна. Техник, үйлдвэрийн зориулалттай томхон хуванцар торхонд малчид, аж ахуйчид айраг исгэдэг, хот суурин газруудад айраг сүү зардаг болсон.  Угж хэрэглэдэггүй хүүхэд их ховор байдаг. Амархан хагардаг, хүүхдэд тохирохгүй гэж шилэн болон бусад материалаар хийгдсэн савнаас татгалзаж хуванцар сав сонгодог эцэг эхчүүд олотаа. Өдөр бүрийн ахуй амьдралдаа хэрэглэж буй хуванцар материал, хэрэгслүүдийг шалгах тоног төхөөрөмж, лаботаори бидэнд байгаа юу? Түүний талаар ард иргэдэд мэдээлэл хэр байна? Хичнээн нь мэдэж байгаа бол? Мэдэж байгаа тохиолдолд хэвшүүлэн хэрэгжүүлж байгаа нь хэр их байгаа бол? Олон нийтэд зориулагдсан мэдээлэл сургалт сурталчилгааны хүртээмж, үр дүн хэр явагдаж байна? Заавал хэвшүүлэх 21 дадал эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээнд хуванцар савыг хэрхэн сонгох талаар сурталчилгаа явагдсан ч хэрэгжсэн, гарсан үр дүн зүйл хэр бол?
Үнэндээ хуванцар болгоныг гаргаж авахын тулд төрөл бүрийн химийн бодис хольдог ч энэ тухай олон нийтэд нээлттэй мэдээлдэггүй нь үйлдвэрлэгчдийн маркетингийн асуудал. Ийм нэмэлт бодисын тоо 4000 давсан бөгөөд ихэнх хүний биед хэрхэн нөлөөлдөг нь одоо болтол тодорхойгүй. Түүний нэг нь Бисфенол А. Түүний талаар 1997 оноос хойш олон судалгаа нийтлэл гарч дэлхий нийтийн анхаарал сонорт хүрч чадсан. Тэдгээрийн анхдагч нь Япон улс бөгөөд хүүхдийн шээсэнд ихээр илэрч хэрэглэж буй сав суулгыг өөрчилөх үед шээсээр гарах нь багасч байгааг нийтэлжээ. Швед улс ч түүний дараахан түүний дараахан судалгааны үр дүнгээ нийтэлж байсан. 2008 оноос эхлэн АНУ-д FDA өндөр хэмд халсан хуванцар материал хоол хүнсэнд уусаж хүний биед орж улмаар шээсээр гадагшилдаг гэдгийг судлаж тогтоосон. АНУ-гийн нийт хүн амын 90%-с багагүйд нь насны ялгаагүй шээсэнд бисфенол А бодисын ялгаралт үргэлж байгаа нь бид өдөр бүр хуванцар материал хэрэглэж буйтай холбоотой гэж FDA мэдээлжээ. ДЭМБ-ийн гаргасан зөвлөмжийн дагуу хөгжсөн Канад, Их Британи, Герман, Голланд, Дани, Белги, Франц, Австри, Шинэ Зелланд, Турк г.м орнууд анхааран авч BPA free шошготой бүтээгдэхүүн шаардаж эхлэв. Одоо бүх орон түүнийг хязгаарлахыг оролдож байгаач олон саад тотгор оршиж байна.
Чухам яагаад Бисфенол А хортой байна вэ? Уг бодис нь хүний эсийн эстроген гормоны рецептортой шууд тохирдог тул эстроген гормоны хуурамж үйлчилгээ үзүүлдэг байна. Ингэснээр эстрогены бай эрхтүүдийн үйл ажиллагаанд хямрал үүсэж эхэлдэг. Тэдгээрийн дотор хамгийн эмзэг тогтолцоо бол дотоор шүүрлийн систем байдаг нь дотоод  шүүрлийн зохицуулгын эргэх холбооны систем алдагдсанаар аль ч хүйсэнд үргүйдэл, эмэгтэйчүүлэд биений юмны хямрал зэрэг үүсэж эхэлдэг. Эстроген идэвхит таргалалтанд шууд нөлөөлж байгааг эрдэмтэд тогтоосон тул таргалалттай хоблоотой эрхтэн тогтолцооны олон эмгэгүүд үүсэж болохыг эрдэмтэд өгүүлж байна. Ялангуяа таргалалт – зүрх судасны тогтолцооны эмгэгт нөлөөлж улмаар чихрийн шижин өвчин үүсэхэд нөлөөлж байна гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр хүний эсийн дархлааг дарангуйлдаг тухай судалгааны өгүүллэлүүд нэггүй байна. Багагүй судалгаануудад хүүхдийн бэлгийн бойжилтыг эрт бөгөөд хэт идэвхижүүлдэг нь ажиглагдсан. Булчирхайт эрхтнүүд тэр дотроо түрүү булчирхай, хөхний хорт хавдар, бамбай булчирхайн эмгэгт өртөх эрсдэлийг ихэсгэдгийг тогтоосон. Хамгийн сүүлийн үеийн судалгаануудыг харахад уг бодис тархины хиппокампын бүтэцэд нөлөөлж бэлгийн зан төрхөд нь нөлөөлж хөгжил нь гажих үзэгдэл бий болж болохыг батлалснаар бага насны болон өсвөр насны хүүхэд илүү их мэдрэг байдаг гэж дүгнэжээ. Сүүлийн 20 орчим жилүүдэд таргалалт, зүрх судасны өвчин, хорт хавдар, үргүйдэл, бэлгийн эрт бойжилт, элдэв гаж хөгжил ихэсч байгаа нь олон зүйлээс хамаарч байгаа ч хуванцарын хяналтгүй хэрэгцээтэй холбоогүй гэж үзэх үндэслэл бидэнд байхгүй. Тухайн жилүүдэд хуванцарын эрэлт, хэрэгцээний өсөлт хоёр нийцэж байгааг хамааруулж ойлгож болох ч батлах судалгаа бидэнд хараахан байхгүй.
Монгол улсад зах зээлийн нийгэмд шилжсэнээр хуванцар эдлэлийг эрэлт, хэрэглээ эрс нэмэгдэж тэдгээрийн дийлэнхи нь БНХАУ-аас импортоор орж ирж байна. Маш олон хувилбар, хэлбэрүүдээр ирж улмаар хог хаягдлын эх үүсгэвэр болж байгаа. Хуванцарууд бараг бүгд хогийн цэгт ачигдаж дахин боловсруулах үйлдвэр ч хангалтгүй байна. Траншейний таг зэрэг ганц хоёр зүйл хийдэг аж ахуйн нэгж байгуулсан сураг дуулдсан. Техник, үйлчилгээний зориулалтаар хамгийн хямдыг нь импортоор нийлүүлж буй нь нууц биш юм. Хуванцар бол хортой нэгдэлд зүй ёсоор ордог. Уг нь манай улс 2006 онд батлагдсан “Химийн хортой болон аюултай бодисын тухай хууль”-иар нийлээд олон төрлийн бодисуудад хяналт тавих эх үүсгэвэр тавигдсан ч хэрэгжилт, хяналт нь сул байгаа хуулиудад ордог. Уг хуулийг мэддэг иргэд ч их цөөхөн байдаг. Хуучнаар НЭМХүрээлэнгийн Хор судлалын төлийн захирал С.Өнөрсайхан (2009) зохистой бодлого байхгүй, тогтолцоо буруу байгаа тухай нийтлэл өгүүлж байв. Уг нийтлэлд асуудлуудыг багцлахдаа хууль журам түүний хэрэгжилтэнд хяналт тавих асуудал сул, лабораториудын хүчин чадал орчин үеийн шаардлагуудыг хангахгүй, боловсон хүчин цөөхөн, хөрөнгө оруулалт туйлын хангалтгүй, судалгаа бүр ч хангалтгүй зэргээр тайлбарласан байжээ. Тухайн нийтлэлд Бисфенолыг цухас дурьдсан байв.
Дэлхий нийтээр тухайн бодисын эргэлтэнд арга хэмжээ авч эхэлсэн тухай дээр өгүүлсэн. Тухайлбал АНУ-д FDA, CDC зэрэг байгууллагууд судалгаагаа байнга хийж хяналт тавьж байдаг бол бусад орнууд ч мөн тийм тогтолцоотой. Ихэнхи улс орнууд хүн амын Бисфенол А-гийн өртөлтийн хэмжээг хүний шээсээр ялгарч буй хэмжээгээр тодорхойлж хянаж байна. Манайд Мэргэжлийн хяналтын байгууллага, НЭМҮТ зэрэг гол байгууллагууд ажиллаж байгаа ч хөрөнгө оруулалт хангалтгүйн улмаас лабораториуд ч дорвитой судалгаа шинжилгээ хийж чадахгүй байсаар байна. Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал олон байхад эмнэлзүйн тусламж үйлчилгээнд илүүтэй анхаардаг тогтолцоотой манай улсын бодлого ч урагшилахгүй янзтай. 2001 онд УИХ-ын 81 дүгээр тогтоолоор батлагдсан Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого гарсан ч үр дүн дутмаг. Монгол улсын Засгийн газрын 2005 оны 245 дугаар тогтоор батлагдсан Орчны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр хоёр үе шаттай хэрэгжиж 2015 ондоо дуусч байгаа ч орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд шийдэгдээгүй, улам нэмэгдсээр байгаа.  Уг тогтоолд хуванцар материалын менежмент, Бисфенол А –гийн талаар огт тусгагдаагүй гэхэд хилсдэхгүй. Иймд махайн улсад байгаа хуванцар материалд агуулагдах Бисфенол А бодисын эргэлтийн талаар дорвитой судалгаа хийгдэх, бодитой ажил зохион байгуулах бодитой шаардлага гарч байна.

Нийтлэгч Б.БОЛЫСХАН

No comments:

Post a Comment