Sunday, April 16, 2017

Та амьдралд юу үлдээх вэ?

Амьдрал биднийг бэрхшээл тооцсоноор биш хийж бүтээснээр үнэлдэг...

Сайн байцгаана уу, Та бүхэнд энэ гайхалтай оройн мэндийг хүргэе.
Би бас л ирээдүйнхээ төлөө тэмүүлж явуу залуу хүн. 28 настай, эмч мэргэжилтэй, мэргэжлээрээ 5 дах жилдээ ажиллаж байна.
Би Та бүхэнд Амьдрал биднийг бэрхшээл тоочсоноор биш хийж бүтээснээр үнэлдэг –гэдэг нэгэн санааг танилцуулахыг хүсэж байна. Үүнийг би нэгэн бяцхан тэмцээнд хэлэлцүүлсэн юм. Тэрхүү тэмцээний хамрах хүрээ бага байсан ч ач холбогдол нь миний хувьд асар том байсан билээ.
Намайг энэ сэдвийг ярихад надад нэгэн болсон явдал нөлөөлсөн.
Гудамж талбайг 20 жил цэвэрлэж явсан нэгэн эгч өөртөө оногдох зам, талбайгаа цэвэрлээд дуусаж өөр тийшээ явах гээд байж байтал, тэнд байсан хоёр залуугийн нэг нь тамхи татаж, нэг нь бохь зажилж зогсож байгааг анзаараад, хоёулаа тамхины иш, бохио тэнд хаяхыг нь байгаа байдлаас нь харж мэдэж чадаж байв. Цэвэрлэгч эгчийн таамагласнаар тэр хоёр шууд тэндээ хаячихлаа. Эгч бага зэрэг бухимдсандаа, “Xажууханд чинь байгаа хогийн саванд хогоо хийчихэж болохгүй байна уу?! –гэж хэлэв. Түүнд хоёр залуугийн нэг нь: Бид хоёр хаяхгүй бол гадамжинд хог байхгүй, хог байхгүй бол та хийх ажилгүй болно биз дээ –гэв.
Болсон явдлаас олон зүйлсийн талаар бодож болох байх. Тухайлбал өнөөгийн залуус, ухамсар, цэвэр орчин, хог хаягдал г.м.
Гэвч, би арай өөр зүйл ярих гэж байна. 20 жил талбай цэвэрлэсэн хүн сайн үйл хийж яваа байж болно, хэрэгтэй зүйлийг ч хийж яваа байх. Гол нь тэр хүний олон жил хөдөлмөрлөсний үр дүнд юу үлдэх вэ? Харагдах, үнэлэгдэх, магадгүй өвлөгдөх зүйл юу үлдэх вэ? Магадгүй цэвэр талбай юу? Элэгддэггүй чанартай шүүр үү? Үлдэнэ –гэвэл тэрийг хэн үнэ цэнэтэй болгох вэ? Үнэндээ, тэр үлдэнэ, энэ үлдэнэ гэх тун хэцүү.
Одоо асуулт байна? Та бүхэн дотроо бодоорой. Статистикийн мэдээгээр Монгол хүний дундаж наслалт 2016 оны эцсээр харахад эрэгтэй хүн 69 эмэгтэй хүн 72 нас насалж нэмэгдсэн байна. Энэ нь дэлхийн дундажтай ойролцоо ч сайн гэж магтах үзүүлэлт биш. Энэ насны талыг насалчихсан хүмүүс энд сууж нэггүй сууж байна. Та бид ч иймэрхүү насалж амьдарлаа гэж бодоход амьдралд юу үлдээх вэ? Та юу үлдээе гэж бодож байна?
Их сургуулийг хамт сурч, хамт оюутны байранд амьдарч байсан мэргэжил нэгт бас зохиолч найз маань нэгэн мэргэний үгийг хэлсэн нь надад маш их сэтгэгдэл үлдээсэн.
Тэрээр хэлэхдээ, хорвоод хүмүүн болж мэндэлсний утга учир болгож 3 зүйлийг заавал хийж бүтээхийн төлөө хичээ. Тэдгээр нь нэгт сурч боловсорч ном бич, сурсан мэдсэнээ туурви, хоёр дах нь гэр бүлтэй болж үр хүүхдээ эрүүл саруул хүмүүжил, гуравт хорвоо дэлхийг мялааж мод тарь –гэж. Яагаад эдгээр зүйлс бусад зүйлсээс үнэ цэнэтэй вэ? гэвэл эдгээр нь таныг амьдарч байсныг гэрчлэх үнэт бөгөөд бодит зүйлс юм.
Магадгүй та арай өөр бодолтой байж болох юм. Тухайлбал хувийн бизнестэй, компанитай болёо, үйлдвэр байгуулъ, малаа өсгөе г.м Эдгээр нь бас таныг бүтээсэн зүйл мөн, дуурсах шалтгаан болох зүйл болж ч болно. Гэвч байна, та өөрийнхөө төлөө, сайхан амьдаръя, тансаг байя, эдлэе, хэрэглэе, өмсөж зүүе,  –гэсэн аминч үзэл байж болохгүйг санах чухал. Учир нь эд хөрөнгө нэг хүнд мөнх тогтохгүй. Үүний нотолгоо бол та хорвоог орхихдоо юуг ч, юуг ч , бүр юуг ч авсандаа авч орохгүй. Магадгүй хэн нэгэн эд хөрөнгөө авсандаа аваад орчихсон юм болов уу? Авсан ч тэр хүний болох уу? Үгүй. Утгагүй. Магадгүй та миний ярьсан Тэр нэгэн цэвэрлэгч эгчид арай өөр хийж бүтээх юмтай, нэрээ үлдээх бололцоо олговол тус гэж тэрийг хэлнэ.
Хийсэн бүтээсэн зүйлээ бусдын төлөө зориулъя. Учир нь
Бусдын төлөө хийвэл үлдэнэ
Бусдын төлөө явбал хайрлагдана
Бусдыг төлөө бүтээвэл мөнхөрнө
Учир нь БУСДЫН ТӨЛӨӨ гэсэн зүйлс болоод үйлс болгон утга учир төгөлдөр –гэж Дээрхийн гэгээнтэн XIV Далай лама Данзанжамж сургаалдсан.
Гагцхүү БИ гэсэн сэтгэл байж болохгүй. Би –гэсэн сэтгэл далайд ганц завьтай хөвж буйтай адил гэж дорнын их найрагч Абай Кунанбаев мөн хэлжээ.
Өдөр бүр Би юуг, юуны төлөө хийв? Миний бүтээсэн зүйл болж чадах уу? гэж өөрөөсөө асууж байцгаая.
Ингээд хүмүүн бид энэ хорвоод богинохон амьдрах хугацаандаа хийж бүтээсэн зүйлтэй, ардаа үлдээх юмтай, тэр нь бусдын төлөө байвал та бидний амьдрал утга учиртай болно –гэсэн санааг хүргэхийг зорилоо.
Та бүхний дунд эцэг эх болж, үр хүүхдээ хүмүүжүүлж, аж ахуйгаа залгуулж яваа хүмүүс олон бий гэдэгт би эргэлзэхгүй байна. Түүнийгээ улам дэлгэрүүлж бусдын төлөө гэж явбал энэ насны жаргал болно. Тэр жаргалын нэг алхам шат нь та бидний өнөөдөр сууж зүйл үйлс мөнөөсөө мөн. Та бүхэнд сайн сайхныг хүсье.



No comments:

Post a Comment