Wednesday, August 28, 2019

Эмч сайн байгаад ходоодны хорт хавдрын өвчлөл буурахгүй


Манай орон Элэг ба ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байгаа. Энэ талаарх тоо баримтыг хаанаас ч олж харж болно. Хавдрын эмч биш ч гэсэн элэг ба ходоодны хорт хавдрын гол шалтгаан нь халдварт өвчинтэй холбоотой байдаг. Иймээс халдварт өвчин судалдаг залуу мэргэжилтний хувьд хэдэн өгүүлбэр бичихийг зөв гэж бодлоо.
Монгол эмч мэргэжилтнүүд ходоодны хорт хавдрыг аль болох эрт оношилж сайн мэс засал хийх гэж үзэж байна. Эрт оношлох, сайн эмчилгээ хийх нь мэдээж чухал, үүнд маргахгүй. Гэвч хамгийн гол ажил биш. Гол ажил нь ходоодны хорт хавдрын шалтгаан гэдэг зүйлд бид нийгмээрээ чиглэхгүй байна. Эрүүл мэндийн бодлогыг боловсруулагчид буюу шийдвэр гаргагчид гол өөрчлөлтийг авчрах өөрчлөлтийг дорвитой хийхгүй байна гэдэг зүйлийг энэ удаад манай судлаачдын адил хөндөхийг хүсэж байна.
Ходоодны хорт хавдрын ойролцоогоор 90% нь Ходоодны салстад амьдардаг Helicobacter pylori гэх нянгийн халдвартай холбоотой. Үүнийг ямар ч судалгаанаас олж унших боломжтой ба батлагдсан зүйл.
Манай оронд уг нян нь насанд хүрэгчдийн >80% -д тархсан байдаг. Олон судалгаа байгаа ч дунджаар ийм. Уг нян нь ходоодны архаг үрэвсэл, ходоод гэдэсний архаг хямрал, шарх, хавдар бүгдийнх нь шалтгаан болж чаддаг. Бүх насныхан уг өвчнөөр өвчлөх эрсдэлтэй ба нас ахих тусам үрэвсэл, шарх, хавдар нэмэгдэнэ. Бас залуужиж байна. Ийм учраас бүгд энэ асуудалд анхаарал хандуулах шаардлагатай болж байна.
Тэгвэл яагаад энэ халдварын тархалт өндөр байна? Бидний төвлөрөх цэг энд байгаа. Энэ нян голчлон ахуйн замаар халддаг. Манай нөхцөл ямар байгаа вэ?
1.       Өнөөдөр нийтийн хоолны газар орж үзээгүй хүн байна уу? Ресторан, цайны газар, зоогийн газар, гуанз г.м. Олон улсын сүлжээ хоол стандарт бас имиджээ дагаж нэг удаагийн хэрэгслээр үйлчилдэг байх. Нэг удаагийн бус хэрэгслээр үйлчилдэг дээрх үйлчилгээний байгууллагуудад аяга, таваг, халбага, сэрээгээ яаж халдваргүйжүүлж, ариутгадаг вэ? Цагийн ажилтнаар угаагч хийлгэдэг биз дээ. Хаа сайгүй угаагч авна гэсэн бичиг байж л байдаг. Тэд яаж угаахыг мэддэг үү? Энгийн ажил гэж л боддог. Сайндаа fairy савангаар угаадаг. Таны захиалсан хоолыг хийсэн тавгийг хэчнээн хүн хэрэглэсэн бол? Тэд хеликбактергүй юм болов уу? Гэтэл олон улсад яадаг вэ? Шаазан аяга, таваг бол нэг удаагийн байх боломжгүй тул тэд ариутгадаг. Зориулалтын шарах шүүгээнд тодорхой хугацаагаар хийж ариутгадаг. Тэр нь хөгжиж нийтийнх, гэр бүлийнх г.м төрөл бүрээр хөгжсөн. Манайд огт байхгүй биш байгаа. Гэвч тун цөөхөн. Уг нь нийтийн үйлчилгээний бүх газар тийм байх ёстой. Үүнийг нэвтрүүлэх газар нь хэн бэ? Ганц мэргэжлийн хяналтынхан уу? Үгүй. Хамгийн гол эзэн нь хэрэглэгч. Тийм ариутгагчгүй газарт битгий ор гэсэн үг. Тэд аргагүй эрхэнд нэвтрүүлнэ. Гэвч үүнд удаан хугацаа шаардах учир захиргаадалт шаардлагатай. Төр засгийн байгууллагууд, мэргэжлийн холбоо, ТББ –ууд үүнийг өөрчлөх хэрэгтэй.
2.       Хеликобактер гэр бүлийн өвчин болсон. Хүүхэд бор хоолонд орж эхэлмэгц уг нянгийн халдварын авсан байдаг нь та бидний буруу хэвшлээс улбаатай. Хүүхдийн ходоод гэдэсний өвчин, үрэвсэл замбараагүй болсон. Нярай үед нь ч угж, соск, сүүлийг нь амаараа шүлсэлж чийглэдэг үзэгдэл түгээмэл. Гэрийн хоолноос зөвхөн гэр бүлийнхэн бус хүмүүс зажилж өгөхийг ярихаа болихоос. Эцэстээ эхлээд өвөө, дараа нь эмээ, аав гээд дараалж ходоодны хорт хавдар, шарх оношлогдоод л байхад гайхах зүйл байхгүй байгаа биз.
3.       Залуусын эрүүл мэндийн боловсрол арай доогуур байна. Хүйтэн ундаа, усыг савны амнаас тойруулж ууна. Нэг хундагаар архи тойруулна. Тамхи хувааж татна. Залуусын ходоодны өвчлөлд гайхах юм алга байгаа биз. Мэдээж зөв бус хооллолт, тамхидалт, архины зүйл бус хэрэглээ ч нөлөөлж байгаа. Залуус нүүрэнд юм гарлаа гэж л хеликобактерийн эсрэг эмчилгээ хийлгэдэг. Нүүрний батга хеликобактерээс болдог гэсэн баталгаа одоо ч байхгүй.
4.       Нэгэн өрхийн тэргүүний ходоод өвдөж. Дурандуулжээ. Шарх оношлогдов. Хеликобактерийн шинжилгээг өтгөнөөсөө өгсөн байна. (Амьсгалын сорил мөн чухал шинжилгээ бөгөөд цуснаас шинжлэх нь ач холбогдолгүй) Өндөр хэмжээтэй гарч эмчилгээнд орж сайжирсан.  Гэвч жилийн дараа дахин сэдэрчээ. Яагаад? Эхнэр шинжилгээнд ороогүй. Магадгүй хамт эмчлүүлэх хэрэгтэй байсан байх. Энэ бол тусдаа асуудал. Хэлэх гэсэн зүйл маань дахин халдвар. Хаанаас вэ? Хаанаас ч авах нөхцөл бидэнд байна. (Дугаар 1 ба 2 –г дахин харна уу)
5.       Дээрх замаар ганц хеликобактер дамждаггүй. Олон төрлийн вирусууд бас бий. Нарийн яривал шүд цоорох өвчний үүсгэгч бас бий.
6.       Одоо яах вэ? Иргэдийн дуу хоолой хамгийн хүчтэй. Бүх нийтээрээ өөрчлөлтийг авчрах шаардлагатай. Та ганц өөрийгөө үзүүлж эмчлүүлээд аюулгүй болчихгүй нь асуудал. Зарим орон 6 сар тутамд хеликобактерийн эсрэг эмчилгээ хийлгэ гэх нь ч бий. Шинжилгээ хийлгэхгүйгээр шүү. Тэгж зөвлөсөн орнууд манайхаас тархалт багатай шүү. Манайд тэгэх боломж бий үү? Зарим орнууд 40 наснаас дээж хүмүүсийг жил бүр ходоод дурандуулахыг шаарддаг. Үүнийг ирлүүлэг шинжилгээ гэж нэрлэдэг. Манайд иргэд дуран залгихаас айдаг, дуртай байдаггүй. Бас дурангийн ариутгалын тогтолцоо бүрэн шийдэгдсэн гэж хэлж чадахгүй байна.
Ганц зам бий. Өөрчлөлтийг бүгдээрээ хийх. Өөр өөрсдөөсөө хамаарах зүйлээ хийх. Мэргэжлийн хяналтынхан магадгүй стандарт, дүрэм журмаа шинэчилж үйлчилгээний газруудад тавих шаардлагаа өөрчилнө байх. Үүний цаана сургууль, цэцэрлэгийн хоолны газар г.м олон нийтийн үйлчилгээний газруудыг дуурьдаагүй болно. Иргэд энэ талаар ганц ч болов мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх. Жишээ нь зочны аяга, халбага тусдаа байх. Нэг нэгэндээ хэлж өгөх, хуваалцах. Авах гээхийн ухаанаар хандана уу.

No comments:

Post a Comment