Monday, March 23, 2020

#Stigma #Ялгаварлан_гадуурхалт #БОЛСОН_ЯВДАЛ

Хэдхэн жилийн өмнө намайг сүрьеэгийн эмч болж ажилд ороход миний бараг анхны өвчтөн болох нэгэн эмэгтэйн түүхийг өгүүлье.

Тэр нэгэн бүсгүй 200 орчим ажилтантай компанийн хүний нөөц бөгөөд оффис менежер ажилтай. Ажилдаа дуртайдаа гэх үү хонон өнжиж ажилладаг байжээ. Товчхондоо компани, хамт олондоо хамаг эрч хүчээ гаргаж чин сэтгэлээсээ ажилладаг гэсэн үг. 6 жил орчим ингэж ажиллажээ. Тэрээр нэгэн өдөр ядарч сульдаад ханиад хүрчхээд яваад байсан байна. Эмийн сангаас хамаг сайн гэсэн эм болгоныг авч хэрэглэсэн. Харамсалтай нь тэр сүрьеэгээр өвчилсөн байжээ. Олон эмэнд дасалтай сүрьеэгээр. Бие нь өвдсөнийг дарга, удирдлагадаа хэлээд эмнэлэгт хэвтэх болсноо дуулгаад улмаар эмнэлэгт хэвтлээ.

Эмнэлэгт 1 сар орчим хэвтээд лист бичүүлээд нөхрөөрөө ажлынхандаа хүргүүлэхэд дарга нь түүнийг ажлаас нь халсныг мэджээ. Бүсгүй маш их сэтгэлээр унаж итгэлээ алдав. Тэр ажлаас халагдсандаа ерөөсөө гутраагүй. Бие нь өвдсөн хэцүү цаг үед нь намайг дэмжинэ, ажлын хамт олон миний ард байгаа гэдэг итгэл нь ганц хоромд салхинд хийссэнд нь сэтгэл нь хоосорч хамаг бүхнээ алдсан хүн мэт болсон нь гацаагүй. Аргагүй биз, ажлын хамт олон бол хүний хоёр дахь гэр бүл билээ. Учир нь түүний ажил нь түүний амьдрал мэт болсон байсан.
Бид хүртэл түүний өмнөөс харамсаж байв. Гэхдээ бид зүгээр л харамсаад хараад суусангүй. Дарга захирлуудыг нь дуудаж уулзах шаардлагатай байгааг дуулгав. Ажлын шинэ долоо хоног эхлэв. Компанийн гүйцэтгэх захирал гээд нэгэн эмэгтэй ирэв. Ирсэнд нь маш их талархав. Учир нь бид түүнд ирэхгүй байж болохгүй шалтгаан хэлсэн. Тэр шалтгаан нь Энэ эмэгтэй уг халдварыг хаанаас авсан бэ? гэдгийг тодруулах асуудал байсан. Эмэгтэйн нөхөр нь үзлэг, шинжилгээнд орж эрүүл гарсан. Тэгэхээр халдвар түүний ажлын байрнаас байх магадлал байгааг ойлгуулж энэ талаар ярилцав. Танай хамт олноос сүрьеэтэй нэг хүн манайд хэвтэж байгаа -гэж ажилчдын дунд үг цухуйлгахгүй, учир нь хүний мэдээлэл нууц байдаг.  Зүгээр л компанийн ажилчдын дунд урьдчилан сэргийлэх үзлэг гээд л бүгдийг нь үзлэгт оруулах шийдвэр гаргуулахад бид нөлөөлсөн. Бүгд үзлэгт орлоо. Сүрьеэтэй хүн илэрсэнгүй. Гэвч тэдний оффис өрөөнөөс нэг л хүн үзлэгт ороогүй үлдсэн ба үзлэгтэй өдөр чөлөө авсан байжээ. Хүлээж байгаад үзлэгт оруулав. Тэр үнэхээр сүрьеэтэй байжээ. Чи халдвар тараасан, чамаас болсон гэж зэмлэмээр сэтгэгдэл танд төрж байна уу? Тэгвэл та ажлаа бүр ихээр баллана. Тэр дуртайдаа, хүссэндээ өвчнөө нуугаагүй. Хэрвээ тэр хүн манай бүсгүй шиг би сүрьеэгээр өвчилсөн гэж хэлсэн бол мөн адил халагдах байсан. Тэр сүрьеэтэй хүн эмчилгээ хийлгэж байгаа ба эмийг бусдаас нууж уудаг, баригдахаараа витамин гэж хэлдэг байжээ. Сүрьеэгийн эмийг өдөр бүр харж уулгадаг ба эмийг уух цагаар ажилтай байдаг учир эм нь тогтмол ууж чаддаггүй, тасардаг, улмаар эмчилгээний үр дүнд нь сөргөөр нөлөөлж дахин халдвартай болжээ. Халдвартайгаар үл барж эмэнд дасалтай сүрьеэ босон, бас халдаасан нь тогтоогдож байна. Хэн ч гэсэн Би сүрьеэтэй, эм ууж байгаа гэж хэлж чаддаггүй, учир нь бусдад ад үзэгдэнэ, гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалтад өртөнө. Ажилгүй болж сэтгэл санаагаа хямрааж, амьдралаа баллахыг хэн ч хүсэхгүй.
Бид эндээс ямар сургамж авах хэрэгтэй вэ гэхээр сүрьеэгээр хэн ч өвчилж болох ба сүрьеэгээр өвчилсөн нь бусдад ад үзэгдэх тусмаа нийгэмд хор уршигтай юм байна гэдгийг л ойлгох учиртай. Учир нь тэд өвчнөө нууж улам их халдвар тараадагт оршдог. Яг энэ түүх шиг.
  Гэхдээ тэр хоёр нэг нэгнээ ойлгож хоёулаа нэгэн зэрэг, нэг өрөөнд хэвтэж эмчлүүлж одоо хоёулаа эдгэрсэн. Компани ч гэсэн ажилд нь авсан. Бид тэр компанид талархаж байна. Хэвтэж байхад компанийн ажилчид нь нэг өдрийн цалингаараа эргэсэн. Тэр хоёрын нүд, харцных нь гал яаснийг хэлээд илүүц байх.

АЖИЛТНАА БИШ, СҮРЬЕЭГ ХАЛЪЯ" уриатай ажлын байранд сүрьеэ өвчинд өртсөн хүнийг ялгаварлан гадуурхахгүй байхыг өнөөдөр дэлхий дахинаа уриалж байгаа өдөр тохиож байна. Хэрвээ та ялгаварлан гадуурхагч бол сүрьеэг дэлгэрүүлэгчдийн эгнээнд орно. Үнэн бодит байдал ийм.