Thursday, May 16, 2019

Сүрьеэгийн дэгдэлт - Иргэдийн бухимдал

#Мэдээлэл_2:
Баримт1. Сүрьеэгийн халдвар авсан болон өвчилсөн хоёр ялгаатай талаар өмнө мэдээлсэн. Өвчилсөн болгон халдвартай байдаггүй. Өвчилсөн хүмүүсийн ойролцоогоор тал нь халдвартай буюу цэрний түрхэцээр эерэг байдаг. Эерэг гэдэг нь цэрэнд Сүрьеэгийн нян агуулагдаж байгааг микроскопоор харсан гэсэн үг. Хэрэв цэрэнд нь сүрьеэгийн нян байхгүй бол эмнэлэгт тусгаарлан хэвтүүлэх шаардлагагүйгээр диспансераар эмчилж хянаад явчихдаг.
Баримт2. Цэрний түрхэц эерэг 1 хүн жилд 10-15 хүнд халдвар тараадаг гэж үздэг. Өөөрөөр хэлбэл томуу, улаанбурхан шиг шууд замбараагүй үй олноор халдаж тархдаггүй. Өвчлөх нь халдварлагдсан давтамж, халдварын хэмжээ зэргээс шалтгаалж болно.
Баримт3. Сүрьеэгийн халдварын тархалтад өвчтөн эсвэл эмч, эмнэлгийг л буруутгах нь өрөөсгөл. Сүрьеэгээр өвчилснөө одоогоор хэн ч бусдад хэлж зарлаж байгаагүй, бараг бүгд нуудаг. Учир нь нийгэм ялгаварлан гадуурхдаг. Ажлаас нь халдаг, хань ижил нь салдаг, үр хүүхдүүд нь ч орхиод явдаг. Найз нөхөдгүй болдог. Ийм байдалд хүрэхгүйн тулд л нуудаг. Энэ нь заримдаа сүрьеэгийн эсрэг эмийг урт хугацаагаар уухад төвөгтэй байдалд хүргэдэг учир хаях нь ч байдаг. Тэгхээр тэр нэг багшийг мэдсээр байж халдаасан, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа хүмүүс та бүхний бодлыг үгүйсгэмээр байна. Хэрвээ тэгж бодсоор байвал сүрьеэ өвчинтэй тэмцэх ажилд иргэн та оролцохгүйгээр барахгүй саад учруулж байгаа гэхэд хилсдэхгүй. Тэр хүн халдваргүй байсан бол эмээ уугаад яваад байх боломжтой. Халдвартай байлаа гээд ч 1-2 жилийн дотор 500 гарам хүнд халдаах магадлал байхгүй.
Баримт4. Сүрьеэ бол 100% хувь хүнээс хамаардаг өвчин биш. Энэ бол нийгмийн халдварт өвчин. Нийгэмд асуудлууд хичнээн их байна, төдий хэмжээгээр сүрьеэгийн өвчлөл тархалт их байна. Тэдгээр нь ажилгүйдэл, ядуурал, боловсрол муу байх, архидалт, тамхидалт, архаг суурь өвчин их байх, агаар орчны бохирдол, зөв бус хооллолт г.м
Баримт5. Та бидний мэддэг нимгэн цэнхэр маск таныг сүрьеэгийн халдвараас хамгаалж чадахгүй. Учир нь түүний агаарыг шүүж буй нүхээр 1 байтугай 100 нян ч хөндлөн хэмжээгээр чөлөөтэй багтана. Гэхтээ тэр ач холбогдолтой. Өвчтэй хүмүүс ярих, ханиах, найтаахдаа цэр, салстаар хол үсэрж тархахаас хамгаална. Ханиад хүрсэн бол тэр маскыг зүү гэсэн үг.
Баримт6. Сүрьеэгийн халдвар тархахад иргэн бүр хамааралтай гэхэд буруудахгүй. Нусаа хаана нээдэг вэ, шүлсээ та огт хаядаггүй юу? Танаас ерөөсөө цэр гарч байгаагүй юу? Гардаг бол цэрээ та яаж хаядаг вэ? Үүний цааны бас л сүрьеэ, бусад түмэн янзын халдварт өвчин явж байдаг. Энэ талаар Телевиз, сонин, радио-д удаа дараа ярилцлага өгч байсан, судалгаа ч хийж байсан. Хүсвэл Шүлс ба эрүүл мэнд гэж google -с хайж сонирхоорой.
Хэрэгтэй гэж үзвэл бусдад түгээгээрэй.

Сүрьеэгийн дэгдэлт ба Иргэдийн бухимдал

#Мэдээлэл_1:
Багахан мэдээлэл өгөхийг зөв гэж бодлоо.
Хүн амын 3 хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авсан байдаг ч бүгд өвчилдөггүй. Манай улсад ч дэлхий дахинд ч ийм. Сүрьеэгийн халдвар авсан гэдэг бол өвчилсөн гэсэн үг биш бас цаашдаа өвчлөхгүй гэсэн үг бас биш. Халдвар авсан хүмүүсийн 10% нь амьдралын турших аль нэг хугацаанд сүрьеэгээр өвчилдөг. Өвчилсөн хүмүүс болгон халдвартай байдаггүй ба халдвартай, халдваргүйг цэрний шинжилгээгээр тогтоодог. Хүний дархлаа халдварлагдсан сүрьеэгийн нянгийн эсрэг тэмцэж чаддаг нь өвчилдөггүй 90% нь гэсэн үг. Хэрэв дархлаа сулрах ямар нэгэн хүчин зүйл нөлөөлвөл сүрьеэ идэвжхдэг буюу саяны 10% гэсэн үг. Хүүхдэд сүрьеэгийн вакцин хийдэг ба энэ нь сүрьеэгийн хүнд хэлбэрээр өвчлөхөөс хамгаалдаг. Хэрэв сүрьеэгийн халдвар авсан нь сорилоор илэрсэн бол далд сүрьеэ гэж үзэх ба өвчлөхөөс хамгаалсан урьдчилсан сэргийлэх эмчилгээг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зааврын дагуу хийдэг. Энэ нь саяны өвчилж болох 10%-д багтахаас хамгаална гэсэн үг.
Ард иргэд сүрьеэ өвчний талаар маш сайн ойлголттой байх нь хамгийн чухал ба мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн үгийг сонсож тайван, ухаалагаар хандаж асуудлыг хамтран шийдвэрлэх нь хамгийн зөв шийдэл гэж бодож байна.
Мэдээллийг хэрэгтэй гэж үзвэл нийтэд түгээгээрэй.